Хүүхдийн эрх, хамгаалал

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын зарчим, тогтолцоо

2.1.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг удирдлага болгоно.

2.2.Хүүхэд хамгаалал нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ.

2.3.Хүүхэд хамгаалал гэр бүл төвтэй, дагнасан, шуурхай, тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй байна.

2.4.Хүүхэд хамгааллын тогтолцоо Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан оролцогч талуудаас авч хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагаа, цогц үйлчилгээ, статистик мэдээлэл, санхүү төсөв, мэргэшсэн хүний нөөц зэргээс бүрдэнэ.

2.5.Хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамгаалах талаар Монгол Улсын хууль тогтоомжид тусгайлан заасан тохиолдолд тухайн үйлчилгээ, үйл ажиллагаа, арга хэмжээ нь хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болно.

2.6.Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодийн болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд Монгол Улсын хилийн гадна байгаа хүүхэд, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

3.3.Монгол Улсын иргэн төрсөн цагаас эхлэн 18 нас хүртэл, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд 18 наснаас дээш 21 хүртэл насны хүнд энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг үзүүлж болно.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд заасан дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг;

4.1.2.“нийгмийн ажилтан” гэж баг, хорооны, сургуулийн, нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, бусад салбарт ажиллаж байгаа нийгмийн ажил, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжилтэн, ажилтан, албан тушаалтныг;

4.1.3.“хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” гэж гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий орон нутгийн нэгжийг;

4.1.4.“хууль зөрчсөн хүүхэд” гэж гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэн, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл зөрчил үйлдэж шийтгэгдсэн, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг;

4.1.5.“хамтарсан баг” гэж гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгжийг;

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.6.“хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ” гэж эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, нийгмийн харилцаанд дасган зохицуулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үе шат бүхий үйл ажиллагааг;

4.1.7.“хүүхдийн эрхийн ажилтан” гэж хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх бүхий ажилтан, албан тушаалтныг;

4.1.8.“хүүхдийн эсрэг хүчирхийлэл” гэж санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамтыг.

Хэвлэх

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГЭР БҮЛ, НИЙГЭМ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

5 дугаар зүйл. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал

5.1.Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна.

5.2.Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдэх, шаардлага, өргөдөл, гомдол, мэдээлэл гаргаж, түүнийг шийдвэрлүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

5.3.Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу үзүүлнэ.

5.4.Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ.

Хэвлэх

6 дугаар зүйл. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал

6.1.Сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллана.

6.2.Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ.

6.3.Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.3.1.сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших;

6.3.2.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх;

6.3.3.сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;

6.3.4.хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх;

6.3.5.хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах.

Хэвлэх

7 дугаар зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал

7.1.Эрүүл мэндийн ажилтан ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн тохиолдолд хүүхдийн асуудал эрхэлсэн орон нутгийн ажилтан, албан тушаалтан, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчид заавал мэдээлнэ.

7.2.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн, түүний гэр бүл, хувийн нууцад хамаарах мэдээллийг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллага, албан тушаалтан, хувь хүнд мэдээлэхийг хориглох бөгөөд задруулснаас үүдэн гарах үр дагаврыг өөрөө хариуцна.

7.3.Эрүүл мэндийн байгууллага эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал

8.1.Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом мэдээ, мэдээлэл зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.

8.2.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

8.3.Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ.

8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.5.Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.

8.6.Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал

9.1.Худалдаа үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт, уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажиллана.

9.2.Энэ зүйлийн 9.1-д заасан арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулагч хууль, захиргааны хэм хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл бүрдсэн, эсхүл хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.

9.3.Энэ зүйлийн 9.1-д заасан арга хэмжээ, үйлчилгээний үед хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзсэн хувь хүн, хуулийн этгээд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтанд, эсхүл цагдаагийн байгууллагад амаар болон бичгээр мэдэгдэнэ.

9.4.Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үед хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар” гэснийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар”  гэж 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Хэвлэх

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ

10 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ

10.1.Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр дараахь хариу үйлчилгээ үзүүлнэ:

10.1.1.мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах;

10.1.2.нөхцөл байдлын үнэлгээ хийх;

10.1.3.аюулгүй байдлыг хангах;

10.1.4.дэмжих, холбон зуучлах;

10.1.5.хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх;

10.1.6.гэр бүлд нь эргэн нэгтгэх.

10.2.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг төрийн байгууллага эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх замаар үзүүлнэ.

10.3.Хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллага болон хуулийн этгээд тусгайлан бэлтгэгдэж, мэргэшсэн хүний нөөцтэй байна.

10.4.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас магадлан итгэмжлэгдсэний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд уг журмыг хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах

11.1.Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна.

11.2.Энэ зүйлд заасан мэдээ, мэдээллийг хүлээн авах, илрүүлэх зорилгоор яаралтай тусламжийн 24 цагийн утас ажиллуулж болно.

11.3.Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ.

11.4.Энэ зүйлд заасны дагуу ирүүлсэн мэдээ, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан тухайн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, холбогдох тэмдэглэлийг нийгмийн ажилтан, хамтарсан багт хүргүүлнэ.

11.5.Хүүхдийн эрх зөрчсөн, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа талаар мэдээ, мэдээллийг хүлээн авсан ажилтан, албан тушаалтан тухайн мэдээллийг газар дээр нь шалгах, үнэлэх явцад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул шууд учирсан, эсхүл уг нөхцөл бүрдсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг түүнийг асран хамгаалах, харгалзан дэмжигч үйлдсэн, хүүхдийг тухайн орчинд үлдээх боломжгүй нөхцөл үүссэн бол яаралтай түр тусгаарлах арга хэмжээг эрх бүхий албан тушаалтанд тавьж, шийдвэрлүүлнэ.

11.6.Хүүхдийг түр тусгаарлах шийдвэр гарах хүртэл хугацаанд тухайн мэдээ, мэдээллийг хүлээн авсан нийгмийн ажилтан, албан тушаалтан хуульд заасан боломжит арга хэмжээг гэр бүлийн бусад гишүүн, хууль ёсны төлөөлөгчтэй зөвшилцөн хэрэгжүүлнэ.

11.7.Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тухайн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл байгаа бол энэ хуульд заасан тусгаарлах арга хэмжээг авахдаа тэдний зөвшөөрлийг шаардахгүй.

11.8.Гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй боловч эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаархи мэдээ, мэдээллийг нийгмийн ажилтан дангаар болон багаар газар дээр нь, эсхүл байгаа орчинд нь очиж үзэх, харилцан ярилцах хэлбэрээр шалгаж болно.

11.9.Энэ хуульд заасны дагуу ирүүлсэн мэдээ, мэдээлэл хүүхдийн эрхийн эсрэг зөрчлийн шинжтэй бол хүүхдийн эрхийн ажилтан холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

11.10.Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийг цагдаагийн байгууллагын алба хаагч холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл. Нөхцөл байдлын үнэлгээ хийх

12.1.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор нөхцөл байдлын үнэлгээ хийнэ.

12.2.Нөхцөл байдлын үнэлгээ хүүхдийн амьдарч байгаа орчин, хүүхдэд үүссэн нөхцөл байдал, хүүхдийн эрхийн эсрэг үйлдэл, эс үйлдэхүйн аюул, эрсдэлийн түвшинг үнэлэх, шалгах, дүгнэх үе шатнаас бүрдэнэ.

12.3.Баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан өөрийн санаачилгаар, эсхүл хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэх явцдаа холбогдох этгээдээс ирүүлсэн мэдээ, мэдээллийг үндэслэн нөхцөл байдлын үнэлгээ хийнэ.

12.4.Нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийх явцдаа тухайн асуудлыг газар дээр нь болон хуульд заасны дагуу холбогдох этгээдээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй бол хүүхдэд хувийн хэрэг нээж, зөвлөгөө өгөх, дэмжих, холбон зуучлах үйлчилгээнд хамруулна.

12.5.Эрсдэлд байгаа хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

12.6.Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хариу үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд нэмэгдэл урамшуулал олгох бөгөөд уг журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

Хэвлэх

13 дугаар зүйл. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах

13.1.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээг харгалзан Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаас гадна хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах арга хэмжээг авна.

13.2.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээг төрийн байгууллага, эсхүл магадлан итгэмжлэгдсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч, хуулийн этгээд, гэр бүл, иргэн, эсхүл тэдгээр нь хамтран үзүүлнэ.

13.3.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандартыг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, үйлчилгээ үзүүлэх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.

13.4.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хувилбарт үйлчилгээ үзүүлэх санал, дүгнэлтийг хамтарсан баг, нийгмийн ажилтан гаргах бөгөөд гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хүүхдийн эрхийн ажилтан хяналт тавина.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Дэмжих, холбон зуучлах үйлчилгээ

14.1.Нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх дүгнэлт гарсан бол иргэний бүртгэл, сэтгэл зүй, хууль зүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн болон бусад шаардагдах үйлчилгээнд нийгмийн ажилтан холбон зуучилна.

14.2.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг дэмжих, холбон зуучлах үйлчилгээний хэрэгжилтэд хүүхдийн эрхийн ажилтан хяналт тавина.

14.3.Хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагын ажилтан, алба хаагч дэмжих, холбон зуучлах үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл шаардагдах үйлчилгээг үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол энэ тухай хүүхдийн эрхийн ажилтан тэмдэглэл үйлдэж, төрийн албаны салбар зөвлөл, мэргэжлийн ёс зүйн хороонд хүргүүлж шийдвэрлүүлнэ.

Хэвлэх

15 дугаар зүйл. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажил үйлчилгээ

15.1.Аймаг, дүүргийн Засаг дарга орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулах бөгөөд хороо нь дараахь үйл ажиллагаа явуулна:

15.1.1.гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан хүүхдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүлээн авах, шүүхээс хүүхдэд даалгасан үүргийг биелүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

15.1.2.сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаад суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

15.1.3.гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа хүүхдийг эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны сөрөг нөлөөллөөс хөндийрүүлэх зорилгоор хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах, хүүхдэд батлан даагч томилуулахаар санал гаргах;

15.1.4.хууль зөрчсөн хүүхдийг зөв зохистой хүмүүжил олгох сургалт, хөтөлбөрт хамруулах;

15.1.5.эцэг, эх, гэр бүлийн гишүүд, үе тэнгийхэн, сургууль, хамт олонд нь зөвлөгөө өгөх, тогтмол хугацаанд уулзалт, ярилцлага зохион байгуулж, үр дүнг тооцох;

15.1.6.хорт зуршлаас ангижрах эмчилгээнд хамруулах, зөвлөгөө өгөх, ажил, сургууль, мэргэжил олгох сургалтад хамруулах;

15.1.7.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй хүүхдэд туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, тэдний эрх ашгийг хамгаалах;

15.2.Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаны үүргийг орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ.

15.3.Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хууль зүйн болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

15.4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20.1-д заасан хамтарсан баг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид тухайн хүүхдэд шаардлагатай үйлчилгээний талаар дүгнэлт, зөвлөмж гаргаж, хуульд заасны дагуу тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдийн хуулиар өөрчлөн найруулсан/

15.5.Хамтарсан багийн ажиллах журам, тухайн багийн гишүүдэд урамшуулал олгох журмыг хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

16 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх

16.1.Хуульд заасан үндэслэлээр гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдийг боломжтой тохиолдол бүрд гэр бүлд нь эргэн нэгтгэнэ.

16.2.Нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан хүүхэд асрах хувилбарт болон төвлөрсөн асрамжийн үйлчилгээнээс хүүхдийг гэр бүлд нь нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавина.

Хэвлэх

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

17 дугаар зүйл. Төрийн байгууллагын хамтын ажиллагаа

17.1.Төрийн байгууллага хуульд заасан чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллын чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:

17.1.1.хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхдээ тус тусын хуулиар заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах;

17.1.2.хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүнээр тухайн байгууллагын алба хаагч, ажилтныг томилуулахаар санал болгох, үйл ажиллагааг нь дэмжих;

17.1.3.хүүхдийн үүсгэл санаачилгын байгууллага, элчийн үйл ажиллагааг дэмжих, хүүхэд оролцсон арга хэмжээ, үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих;

17.1.4.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх, хууль зөрчсөн хүүхдийг нийгмийн харилцаанд дасган зохицуулахад хамтран ажиллах.

Хэвлэх

18 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны, орон нутгийн байгууллагын үйл ажиллагаа

18.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь үйл ажиллагаа явуулах замаар хүүхэд хамгааллын үндэсний болон орон нутгийн тогтолцоог удирдан зохион байгуулна:

18.1.1.хүүхдийн эрхийн хэрэгжилтийн төлөв байдал, хүүхэд хамгааллын талаар хийсэн ажлыг Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өмнө хариуцан жил бүр тайлагнах;

18.1.2.нөхцөл байдлын үнэлгээ хийх, хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, үйл ажиллагааг нь дүгнэх;

18.1.3.хүүхэд хамгааллын сургалтын хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийн талаар мэдлэг, мэдээллийг сайжруулах арга хэмжээг авах, хүүхэд хамгааллын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах;

18.1.4.хүүхэд хамгааллын үйлчилгээний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх арга хэмжээг авах, мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах;

18.1.5.хүүхэд хамгаалалд бүх шатны төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн, гэр бүл, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг дэмжих;

18.1.6.хүүхдийг гэр бүл, нийгмийн бүх орчинд эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

18.1.7.төрийн байгууллага, хуулийн этгээд, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан ажилтан, алба хаагчид, үйлчилгээ үзүүлэгчдийг сургаж, мэргэшүүлэхэд холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

18.1.8.хууль сахиулах байгууллагатай хамтран хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээд, хууль зөрчигч хүүхэд, гэрч, хохирогч хүүхдийн талаар мэдээллийн сан бүрдүүлж үйл ажиллагаандаа ашиглах;

18.2.Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхэд хамгааллын чиглэлээр дараахь үйл ажиллагаа явуулна:

18.2.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хамгааллын талаархи мэдээлэл, судалгаанд нэгдсэн дүгнэлт хийж, цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох;

18.2.2.төрийн байгууллага, хуулийн этгээд, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан ажилтан, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх,

18.2.3.Хүүхдийн эрхийн тухай хууль болон энэ хуулийн хэрэгжилтэд гурван жил тутамд нэгээс доошгүй удаа анхан шатны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;

18.2.4.нийгмийн ажилтан, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

18.2.5.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаархи мэдээллийн сан бүрдүүлж үйл ажиллагаандаа ашиглах, бүртгэл, статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу эрдсэлт нөхцөлд байгаа хүүхдийн халамж, хамгаалал үйлчилгээний талаар бүртгэл хөтөлж, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

18.2.6.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд харагчийг сайн дурын болон хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрээр албадан сургалтад хамруулах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран зохион байгуулах;

18.2.7.гэр бүлээсээ дайжсан, эсхүл эцэг, эх, асран хамгаалагчийн халамж анхаарал, хараа хяналтаас гадуур байгаа хүүхдийг бүртгэх, судалгаанд авах, гэр бүлд нэгтгэх ажлыг орон нутгийн Цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэх.

18.3.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27ы өдрийн хуулиар нэмсэн/

18.4.Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27ы өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

19 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийн ажилтан, нийгмийн ажилтны хүүхэд хамгааллын чиглэлээр явуулах үйл ажиллагаа

19.1.Орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллагын нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

19.1.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг судлан тогтоох, бүртгэх, тэдний эрх ашгийг хамгаалах, хариу үйлчилгээнд хамруулах;

19.1.2.Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх,

19.1.3.нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;

19.1.4.нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж, дуусах хүртэл хүүхдийг хамгаалах;

19.1.5.хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль тогтоомж зөрчсөн талаар мэдээлэх, уг зөрчлийг арилгуулахаар шаардлага бичих;

19.1.6.эрсдэлт нөхцөлд байгаа, хууль зөрчсөн хүүхдийн талаар бүртгэл, судалгаа хийх, орон нутгийн хүүхэд хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх.

Хэвлэх

20 дугаар зүйл. Нийгмийн ажилтны эрх зүйн байдал

20.1.Орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага нь нутгийн өөрөө удирдах байгууллагатай зөвшилцөн сум, дүүрэг, баг, хороонд хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан ажиллуулна.

20.2.Нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм, түүнд тавих шаардлагыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлийн холбоодтой зөвшилцөн батална.

20.3.Нийгмийн ажилтан хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа талаархи мэдээлийг хүлээн аваад тухайн газар дээр очиж шалгах, тухайн хүүхэдтэй нөхцөл байдлын талаар харилцан ярилцах, хуулиар хориглоогүй мэдээлэл цуглуулах эрхтэй.

20.4.Нийгмийн ажилтан өөрийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд хүүхдэд эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх шаардлагатай болсон тохиолдолд цагдаагийн байгууллагын туслалцааг авна.

20.5.Нийгмийн ажилтныг ажиллах нөхцөл, боломжоор хангах үүргийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хариуцна.

Хэвлэх

 


ТАВДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, САНХҮҮЖИЛТ

21 дүгээр зүйл. Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт

21.1.Монгол Улсын хэмжээнд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, орон нутагт хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд хяналт тавина.

21.2.Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл жил бүрийн 3 дугаар улиралд багтаан хүүхэд хамгааллын тайлан гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төрийн захиргааны байгууллагад чиглэл, нутгийн өөрөө удирдах байгууллага, холбогдох бусад байгууллагад зөвлөмж өгч, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах эрх бүхий оролцогч талуудад санал оруулна.

21.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан өөрийн нутаг дэвсгэр дэх хүүхэд хамгааллын талаар тухайн шатны хүүхдийн төлөө зөвлөлийн тайлан, Засаг даргын саналыг хэлэлцэж, орон нутгийн төсөвт тусган, хэрэгжүүлэх арга хэмжээг авна.

21.4.Олон улсын төрөлжсөн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээдээр хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын талаар хөндлөнгийн хяналт, шинжилгээ хийлгэж болно.

21.5.Гадаад улсын байгууллага, хуулийн этгээд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тандалт, судалгаа хийхийг хориглоно.

21.6.Орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллага хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын талаар жилд нэгээс доошгүй удаа олон нийтэд тайлагнана.

Хэвлэх

22 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хяналт, шинжилгээ, үнэлгээ

22.1.Хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг тодорхойлох, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээг үнэлэх зорилгоор хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ:

22.1.1.орон нутаг, анхан шатны нэгжээс эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар бүртгэл, судалгааг нэгтгэн дүгнэх;

22.1.2.хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдийн талаар бүртгэл, судалгааг цагдаагийн болон хууль сахиулах бусад байгууллагатай хамтран гаргаж, дүн шинжилгээ хийх;

22.1.3.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн үйлчилгээ, түүний үр дүнг үнэлж, шалгах;

22.1.4.хүүхэд хамгаалалд төрийн байгууллагуудын оролцоог үнэлэх;

22.1.5.хүүхэд хамгааллын хүний нөөцийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг үнэлэх;

22.1.6.хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх;

22.1.7.Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх.

Хэвлэх

23 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын санхүүжилт

23.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

23.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардал, нийгмийн ажилтны урамшууллыг улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

Хэвлэх

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

24 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

24.1.Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно.

Хэвлэх

25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

25.1.Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

25.2.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.7 дахь заалтыг Хууль тогтоомжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД